Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзжээ.
Эдийн засгийн хүндрэлтэй үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлсөн юм. Бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг бууруулах, хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих зорилгоор нийслэлийн хоёр хувийн албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсноо НИТХ-ын дарга Д.Ихбаяр, хотын дарга Б.Пүрэвдагва нар зарлалаа. Уг татварыг хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авагч төлж, борлуулагч суутган төсөвт төвлөрүүлдэг. Иймээс татварын хувь хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн худалдан авалтад төлөх татварын хэмжээ багасаж, хэрэглээг дэмжих ач холбогдолтой ажээ.
Түүнчлэн хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон нийслэл удирдлагууд, хувийн хэвшлийнхний өглөөний уулзалтад салбарын 11 мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, 100 гаруй ресторан, зоогийн газар, цэнгээний газар, зочид буудал, жуулчны бааз зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, бизнес эрхлэх орчныг сайжруулах, салбарын хөгжлийг дэмжих асуудлаар санал солилцжээ. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо нээлттэй илэрхийлэв. Тухайлбал, татварын дарамт, үйл ажиллагааны зардлын өсөлт, мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, мөнгөн урсгалын хүндрэл, зөвшөөрөл болон хяналтын давхардал, орлогын улирлын хэлбэлзэл зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ. Салбарын холбоод хамтарсан уриалгаа танилцуулж, хотын албан татварыг нэг хувь болгон бууруулан, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэх санал дэвшүүлсэн байна. Холбоод уг өөрчлөлтийг хэрэглэгчийн татварын ачааллыг хөнгөлөх, үйлчилгээний хэрэглээг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ гэж үзэж байна.
Мөн аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчныг 50 метрийн хүрээнд тохижуулах, цэвэрлэх тухай нийслэлийн удирдлагаас дэвшүүлсэн уриалгыг дэмжлээ.


Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!


