uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 11

“Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” албан ёсны статистикийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

ByambadorjByambadorj


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” албан ёсны статистикийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь албан ёсны статистикийн эрх зүйн орчныг шинэчлэх, статистикийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, найдвартай статистикийн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэхэд оролцогч талуудын санал, оролцоог нэгтгэх чухал ач холбогдолтой юм.
 
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа зэрэг тус Байнгын хорооны гишүүдийн төлөөлөл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастел, НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь Суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашийд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн өгөгдөл, шинжилгээний менежер Густаво Николас Паез Саламанка, НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Николас Гэйли нар оролцож байна.
Хэлэлцүүлгийн үндсэн хуралдаанд Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Албан ёсны статистик: Сорилт – Боломж – Шинэчлэл”, “Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр, ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн “Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн статистик: Итгэл ба сэтгэл ханамж” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. Хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл баримтлал, албан ёсны статистикийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт, шинэчлэлийн хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцэж, оролцогч талууд санал, байр сууриа илэрхийлэв.
 
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр Өгөгдлийн удирдлага, ашиглалт, Хүүхэд хамгааллын статистик, Статистикийн чанар, арга зүйн асуудал, Монгол Улсын хүн ам зүйн төлөв байдал гэсэн дөрвөн чиглэлээр салбар хуралдаан болох юм. Салбар хуралдаануудад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний судалгаа, зөвлөгөөний төв, IRIM судалгааны хүрээлэн, Dama Mongolia Chapter байгууллага, Монгол Улсын Их Сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Мандах Их Сургууль болон бусад төрийн, төрийн бус, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцож, албан ёсны статистикийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, цаашдын шинэчлэл, боломж, шийдлийн талаар хэлэлцэх юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 23 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв