uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 17

Өнөөдөр “Монголын хилчдийн өдөр” тохиож байна

ByambadorjByambadorj


Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийн баяр тохиож байна.

1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм. Хилийн цэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний тусгаар тогтнолд халдан довтолсон харийнхны өнгөлзлөгийг цаг тухайд нь илрүүлэн зогсоож, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх билээ.

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн түүхтэй.

Манай улсын хилийн нийт урт нь 8257 км, өдөрт 5000 орчим цэрэг хилийн манаанд гардаг аж. Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалж буй мянган мянган хилчдэдээ болон Хил хамгаалах байгууллагад амьдралаа зориулсан, зориулж яваа генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, үе үеийн ахмад хилчдэдээ “Монголын хилчдийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын дархан хил өнө мөнхөд амгалан байж, хилчдийн яруу алдар бадартугай.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ