Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.09.14-2026.09.20)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 4.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5.9 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хаан банк ХК, Голомт банк ХК, Ард Даатгал ХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Монголын Хөрөнгийн Бирж ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:
- Ард Даатгал ХК (AIC) – 492 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 680 үнээр, нийт 334.9 сая төгрөгөөр арилжаалагджээ.

Монголын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн эерэг байж, зах зээлийн өсөлтийн төлөв хадгалагдлаа. ТОП-20 индекс 2.93%-иар өсөж 64,900.55 нэгжид хүрсэн нь хөрөнгө оруулагчдын идэвх болон томоохон хувьцаануудын ханшийн өсөлт давамгайлсныг илэрхийлэв. Мөн MSE-A индекс 2.17%-ийн өсөлттэйгээр 25,001.81 нэгжид хүрч, зах зээлийн өндөр үнэлгээтэй компаниудын хувьцааны эрэлт нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Харин MSE-B индекс 0.44%-иар өссөн нь хоёрдугаар болон гуравдугаар ангиллын компанийн хувьцаануудын хөдөлгөөн харьцангуй тогтвортой байсныг харууллаа. Нөгөө талаас FTI индекс 0.31%-иар буурч 1,050.41 нэгж болсон байна. Нийт дүнгээрээ тайлант долоо хоногт хөрөнгийн зах зээлийн ерөнхий чиг хандлага өсөлттэй байж, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг хэвээр хадгалагдсан бөгөөд зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь ТОП-20 болон MSE-A индекст багтах томоохон компаниуд байлаа.

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 9 дүгээр сарын 16–17-ны өдрийн хурлаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
2026 оны 8-р сард улсын хэмжээнд жилийн инфляц 12.5%, Улаанбаатар хотод 11.6% болж, өмнөх сараас тус тус 0.5 болон 1.4 нэгж хувиар буурсан байна. Инфляц саарахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, хүнсний үнийн өсөлт буурсан нь голлон нөлөөлжээ.
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7%-иар өссөн бөгөөд өсөлтөд уул уурхай, тээврийн салбар голлон хувь нэмэр оруулсан байна. Цаашид уул уурхай, тээврийн салбарын идэвхжил хадгалагдаж, уул уурхайн бус салбарын өсөлт аажмаар нэмэгдэх төлөвтэй байна.
Гадаад орчны хувьд Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй хэвээр байна. Харин алт, зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь худалдааны нөхцөл болон гадаад валютын нөөцөд эерэгээр нөлөөлж байна.
Монголбанк инфляцыг 2027 оны II улирлаас саарч, 2026 оны эцэст зорилтот түвшний дээд интервалд ойртох төлөвтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөв батлагдах үйл явц нь инфляцын цаашдын төлөвт нөлөөлөх гол эрсдэлүүдийн нэг хэвээр байна.
Иймд Мөнгөний бодлогын хороо инфляц болон эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтийг харгалзан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэхээр байна.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
9-р сарын 15-ны өдөр Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Тус хөтөлбөр нь Монголын хөрөнгийн зах зээлийн технологи, дэд бүтцийг шинэчилж, олон улсын зах зээлтэй уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөө юм.
Хөтөлбөрийн хүрээнд арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхээс гадна Монголын компаниудын давхар бүртгэл, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах юм. Ингэснээр дотоодын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж өргөжиж, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх хүлээлттэй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү санаачилга нь Монголын хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд гаргаж, зах зээлийн ил тод байдал, хөрвөх чадвар болон олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ШАЛГУУР БАГА ЗЭРЭГ СУЛАРЧ, ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ӨСЖЭЭ
Монголбанкнаас гаргадаг “Банкны зээлийн төлөвийн судалгаа”-ний 2026 оны II улиралын тайлан өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тус судалгаа нь банкуудын зээлийн нийлүүлэлт, эрэлт болон тэдгээрийн өөрчлөлтийн шалтгааныг тодорхойлж, зээлийн зах зээлийн одоогийн болон ирээдүйн төлөвийг үнэлдэг чанарын судалгаа юм.
2026 оны II улиралд банкууд ААН болон иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан байна. ААН-ийн зээлийн нөхцөл мөн бага зэрэг суларсан бол иргэдийн зээлийн нөхцөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна.
Зээлийн эрэлтийн хувьд ААН-ийн эрэлт 0.34, иргэдийнх 0.22 индексийн утгатайгаар өссөн байна. ААН-ийн зээлийн эрэлт нэмэгдэхэд үндсэн болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хэрэгцээ голлон нөлөөлсөн бол иргэдийн хувьд хэрэглэгчийн итгэл сайжирч, удаан эдэлгээт бараа худалдан авах болон бусад санхүүгийн хэрэгцээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Ирэх улиралд банкууд ААН болон иргэдийн зээлийн нийлүүлэлтийг бага зэрэг нэмэгдүүлэх төлөвтэй байна. ААН-ийн зээлийн нийлүүлэлтийн индекс 0.19, иргэдийнх мөн 0.19 гарсан бөгөөд иргэдийн хувьд цалингийн зээлийн нийлүүлэлтийг түлхүү нэмэгдүүлэх хүлээлттэй байна.
Нөгөө талаас, ирэх улиралд ААН болон иргэдийн зээлийн нөхцөлийг ерөнхийд нь хэвээр хадгалах төлөвтэй байгаа бол ААН-ийн зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулж, иргэдийн зээлийн шалгуурыг хэвээр хадгалах хүлээлт давамгай байна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!


