uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 04

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн дэд бүтэц, эрчим хүчний зарим төсөл, хөтөлбөрийг хэлэлцлээ

ByambadorjByambadorj


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр /2026.11.03/ хуралдаж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх нийслэлийн эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, үерийн эрсдэлийг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг танилцуулав.

Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос хангах зорилгоор Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий нүүрс пиролизын үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 350 орчим ажлын байр бий болгоно гэх тооцооллыг гаргасан байна.  Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар сард ашиглалтад оруулж, 2029 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан байна. Ингэснээр хагас коксжсон нүүрсний хангамж нэмэгдэж, татаасын зардал буурах ач холбогдолтойг танилцууллаа.

Мөн байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэв. Төсөл нь 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах байгууламж болон 12 км хүртэлх хийн дамжуулах шугамаас бүрдэх бөгөөд 2029-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд Дэнжийн мянга, Сэлбэ орчмын дулаан хангамжийг сайжруулж, 19 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн Цагаан даваанд хийн байгууламж байгуулж, дамжуулах, түгээх шугам сүлжээг барихаар танилцуулав. Төлөөлөгчид төслийн байршил, аюулгүй ажиллагаа, хэрэгжүүлэгч компанийн туршлага, хийн үнийн өсөлтөөс үүсэх эрсдэлийг гэрээнд тусгах шаардлагатайг хөндөж, иргэдэд мэдээлэл хүргэх, ойлголт өгөх ажлыг сайтар зохион байгуулах нь чухал гэв.

Үргэлжлүүлэн "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, хөрсний гүн бохирдлыг бууруулах зорилгоор "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийг хөгжүүлж байгаа юм. Төслийн газрын асуудлыг шийдсэн бөгөөд дэд бүтцийн ажлын зураг төслийн гүйцэтгэл 85 хувьтай байна. Үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх эхний ээлжийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай гэв.

Мөн "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын захирал З.Батырбек үерийн эрсдэлийг бууруулах төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Төслийн хүрээнд Тахилт, Толгойт гол, Хужирбулан, Био-Сонгино-Туул, Ургахнаран, Дарь-Эх зэрэг үерийн эрсдэл өндөр байршлуудад хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд 191 мянган өрхийг үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэх юм. Төлөөлөгчид төслийн байршлыг сонгосон үндэслэл, техник, эдийн засгийн судалгаа, зээлийн нөхцөл болон хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулж, санал солилцов.

Хуралдааны төгсгөлд, "Дулааны тавдугаар цахилгаан станц" ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай асуудлыг танилцуулав. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Багануур, Шивээ-Овоо, Бөөрөлжүүт зэрэг хүхэр багатай хүрэн нүүрс ашиглан цахилгаан, дулааныг хослон үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Станцыг Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн талбайд барьж, ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар зураг төслийн ажил 57 хувь, барилга угсралтын ажил 37 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хуралдаанаар дээрх төсөл, хөтөлбөрүүдийн талаар төлөөлөгчид санал солилцож, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ