НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзлаа. Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлээс зөвлөлөөс галын эсрэг менежментийг шинэчилж Нэгдсэн шуурхай удирдлагын төв нээж, гал, усны аврах дуудлагын үед очих хугацааг багасгах, газын хэрэглээтэй холбоотой осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх зэрэг үндсэн бодлого баримталж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчидтай нээлттэй ярилцаж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон энэ жилийн хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор саналыг сонслоо.
Нийслэлийн хэмжээнд гал унтраах нийт 16 анги байгаа үйл ажиллагаа явуулж байна. Нутаг дэвсгэр, хүн амын нягтралаас хамаарч ажлын ачаалал харилцан адилгүй байна. Тухайлбал, Нийслэлийн аврах гал унтраах 10-р ангид өдөрт багадаа 2-3 дуудлага ирдэг байна. Улирлын онцлогоос хамаарч дуудлагын тоо харилцан адилгүй байна. Аврах ангийн аврагчид, гал сөнөөгчдийн хувьд мэргэжлийн ур чадвар, бие бялдрын үзүүлэлтээр гаднын улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд гэдгийг онцоллоо. Харин сүүлийн үед ихээр баригдаж буй өндөр барилга, шилэн фасадтай барилгуудад гал гарсан үед туршлага, аргачлал дутмаг учир гадагшаа энэ төрлийн сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг байна. Гадаадын туршлагатай улс орноос өндрийн галын үед ажиллах сургалтыг үнэ төлбөргүй орох боломжтой гэдэг санал тавьдаг ч ирж, очиж зардлыг өөрөө хариуцах тохиолдолд санхүүгийн боломжгүй тул явж чаддаггүй, байгууллагаас явуулах төсөв мөнгөгүй тул ийнхүү цаг үеэсээ хоцрох явдал гарч байна гэдгийг алба хаагчид онцлов. Түүнчлэн галын дуудлагад явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, орон сууцны хорооллууд орц, гарцгүй, чиптэй тусгаарлах хаалттай тул гал гарсан газраас хол зогсож, усны хоолой, багаж хэрэгслээ зөөхөөс эхлээд хүндрэл их үүсдэг байна.
Харин дээр уулзалтын үеэр нийгмийн тал дээр үндсэн тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчид илэрхийллээ. Тухайн уулзалтад оролцсон 40 орчим алба хаагчдын 90 хувь өөрийн гэр, орон сууцгүй. Түрээсийн байр, хашаа байшин, аав ээжийндээ амьдардаг байна. Орон сууцны зээлд хамрагдах гэхээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг учир урьдчилгаа хуримтлуулж чаддаггүй, эсвэл урьдчилгаа хүрдэггүй байна. Тиймээс хэдийгээр онцгой байдлын албанд сонирхолтой ч гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд цалин, урамшуулал өндөр газарт ажиллахыг илүүд үзэх тохиолдол гардаг талаар ч ярилаа.
Иймд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр гал, усны аюултай хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг, амь нас нь эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг аврах, гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ипотекийн зээлд хамруулах нөхцөл боломжийг судалж, бусад асуудлыг хуулийн хүрээнд холбогдох төсвийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



