Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, нийгмийн ажлын мэргэжлийн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, хүүхэд хамгааллын бодлого, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулахад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Х. Бадамцэцэг, Сургалт, судалгааны мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн, Санхүү төсөв, хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Өлзийдүүрэн, Сургалт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц. Отгонхорлоо болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлалын сургуулийг төлөөлж захирал PhD Д.Мөнхжаргал, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч PhD доктор, Т.Цэндсүрэн, нийгмийн ажлын тэнхимийн багш М.Нямдорж, Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
Удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 2026–2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
• Салбарын нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, чадавхжуулах;
• Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтарсан судалгаа, үнэлгээ хийх, бодлого, үйлчилгээний арга зүй, стандарт, зөвлөмж боловсруулах;
• Нийгмийн ажлын оюутнуудын дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих;
• Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах;
• Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөртэй хамтын ажиллагааг өргөжүүлэх
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургуулийн онол, эрдэм шинжилгээний мэдлэгийг салбарын бодит хэрэгцээ, практиктай холбох, нийгмийн ажилтны мэргэжлийн чадавхыг тогтвортой хөгжүүлэх, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, үйлчилгээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Цаашид талуудын хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарт мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэн ажиллана.





Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



