uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 12

Баавгай 9 сумын суурьшлын бүсэд нэвтэрч, 21 өрхөд хохирол учруулжээ

ByambadorjByambadorj


Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Ургамал, Сонгино суманд хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн 46 тохиолдол бүртгэгдэж, 21 айл өрхөд хохирол учирсан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Баавгайн дайралтаар долоон үхэр, 11 бог мал хорогдож, гурван үхэр хүнд шархадсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Аймгийн Засаг даргын зөвлөх Х.Лүндээжанцангаар ахлуулсан Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар болон сум, багийн төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хил орчмын багуудад ажиллаж байна. Мөн аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Г.Өнөрбаяр холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт эрсдэлтэй бүс нутагт ажиллахаар боллоо.

Онцгой комиссын хурлаар баавгайн дайралтад өртсөн айл өрхийн хохирлыг үнэлж, урьдчилан сэргийлэх ажлын зардлыг тооцон, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын дэргэд шуурхай штаб байгуулж, хил орчмын айл өрх, иргэдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр ханган ажиллахаар боллоо.

 

Цагдаагийн байгууллагаас эрсдэл өндөртэй бүс нутгийн иргэд, байгаль орчны байцаагч нартай хамтран хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна. Мөн баавгайн дайралтаас сэргийлэх, шаардлагатай ажлыг улсын Онцгой комиссын чиглэл, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Иймд иргэд, малчдыг ой мод, хөдөө орон нутагт зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, малаа суурьшлын бүсээс хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа. Баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг, бичлэг хийх, хооллох, хөөж үргээхийг оролдохгүй, аюулгүй зай барин, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна.

 

Баавгайн үзэгдэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрвэл өөрөө дагаж мөрдөх, ойртохгүйгээр дараах утсаар мэдээлэл өгөх боломжтой.

 

-Завхан аймгийн Онцгой байдлын газар: 7046101, 7046105

-Завхан аймгийн Цагдаагийн газар: 7046102

 

-Завхан аймгийн Байгаль орчны газар: 99468800, 99060809

 

Аймгийн Онцгой комисс хуралдаж, баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас,

эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ