Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн дэлхийн 189 орны 6000 гаруй төлөөлөгчид хэлэлцэж нэгэн түүхэн шийдвэрийг гаргасан нь НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17-р бага хурлыг Монгол улсад зохион байгуулах явдал байв. 5-хан сарын дараа дэлхийн 189 орноос төр засгийн тэргүүн, байгаль орчны сайдууд тэргүүтэй 10.000 гаруй зочид төлөөлөгчид, байгаль хамгаалагчид тэр дундаа дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн “десант” Монголд буух гэж байна. 10-н жилийн өмнө Монголд зохион байгуулагдсан ACEM-ийн дээд хэмжээний уулзалтаас өргөн бүрэлдэхүүнтэй болно гэдэг нь оролцогчдын тооноос харагдаж байгаа юм. COP 17 чуулга уулзалт “Эх байгалиа сэргээж, Итгэл найдвараа бадраая” гэсэн уриан дор явагдах юм.
Эх байгалиа сөнөөж Итгэл найдварыг мөхөөх үү
Гэтэл бодит байдал дээр Эх байгалиа сөнөөж Итгэл найдварыг мөхөөх үйлдэл буюу бүтээн байгуулалт нэртэй экологийн хядлага явагдаж байна. Туул голын дагуу зам барих “Туулын хурдны зам” төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийсэн “Деколл” ХХК-ний захиралын хэлсэнээр 43.5 га газар бургас улиас хядаж, талбай чөлөөлөх ажиллагаа явагдана ер нь 64 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай болно гэдэг нь тодорхой боллоо. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гарсан гэж байгаа боловч энэ үнэлгээг гаргахад зайлшгүй оролцох ёстой талууд буюу Усны газар, Ойн газар энэ талаар огт мэдээлэлгүй байгаа нь хууль бус үнэлгээний баримт бүрдүүлсэн байх магадлалтай байна. Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна. Голын эрэг дагуух бургас улиас бол зүгээр нэг мод биш ус, хөрс, ан амьтан, уур амьсгалыг холбосон “Амьд байгалийн хамгаалалтын систем” юм. Бургасны үндэс нь хөрсийг барьж голын эргийг бэхжүүлдэг. Бургасыг тайрахад гол өргөсөж хэлбэрээ өөрчлөн улмаар үерийн эрсдэл нэмэгдэнэ. Бургас мод нь шувуудын үүрлэх газар, загасны сүүдэр хамгаалалт, жижиг амьтдын орогнох газар болдог. Мод байхгүй бол ус халж, загас болон усанд амьдарч буй амьтдын амьдрах орчин нөхцөл муудна. Мөн хамгийн гол нь нүүрстөрөгчийн тэнцвэр алдагддаг. Бургас мод нүүрстөрөгчийг шингээж уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг учраас голын эргийн бургасыг хядах нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгах хүчин зүйл болдог. Гэтэл Эх байгалиа сэргээж, Итгэл найдвараа бадраая уриан дор явагдах COP17 чуулга уулзалтын уриа, дэлхий нийтэд түгээх мессеж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн дэлхийн улс орнуудыг “доромжилж” буй мэт үйлдэлийг өнөөдөр Нийслэлийн удирдлагууд хийж түүний эсрэг дуугарсан жирийн иргэдээ “дайсан” мэт үзэж байна.
Туулын ус Монголыг ундаалдаг
Монгол улсын хүн амын 46.3% нь Туул голоос ундаалдаг бөгөөд Улаанбаатарчуудын хэрэглэдэг газрын доорх усны 90% нь Туул голын усаар тэжээгддэг. Туул голын сав газар нь Монгол Улсын ДНБ-ний 70%-ийг хангахад чиглэгдэж байна. Ингэхлээр Туул гол нь яах аргагүй хамгаалах ёстой стратегийн онц чухал ач холбогдолтой ай сав мөнөөсөө мөн.
Бохирдсоор байгаа Туул гол
2025 оны 3 сар, 5 сар, 6сар, 11 саруудад Туул гол дагуу байршилтай Баянзүрх, Маршал, Зайсан, Яармаг, Сонсголон, Биогийн гүүр, Сэлбэ голын Арслантай гүүрний орчимоос нийт 7 цэгээс 4 удаагийн давтамжтай дээж авч, хими болон нянгийн шинжилгээ хийж MNS 4586:2024 стандарттай харьцуулж үзэхэд Маршал болон Биогийн гүүр орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж хүлцэх хэмжээнээс 1,1-3,5 их, Биогийн гүүрний орчимд нийт нянгийн тоо, гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нянгийн тоо мөн адил хүлцэх хэмжээнээс их байгаа нь Туулын ус бохирдолтой байгааг харуулж байгаа юм. Туул голын бохирдол 130км-т өөрөө цэвэршдэг байсан бол гидробиологийн судалгаагаар энэ зайнд цэвэршиж чадахгүй болсон байна. Гэтэл стратегийн ач холбогдолтой Улаанбаатар хотын уушиг болсон Туул голын тамир, газрын шимийг тасалж 260 гаруй хүнд оврын техник, 1000 орчим ажиллах хүчин оруулна гэдэг нь байж боломгүй “тэнэглэл” Улаанбаатарчуудын эсрэг өдөөж буй гэмт хэрэг мөн.
Түүхэн боломж COP17-г Туулын бургасаа хядаж угтах уу
НҮБ-д элссэн гишүүн орнуудын Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөө шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP-ийн чуулга уулзалт. Энэ чуулга уулзалтын үеэр манай улс эдгээр асуудлуудаа шийдэх томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татах түүхэн боломж бидэнд тохиож байна. НҮБ түүний гишүүн орнууд “COP 17” чуулга уулзалтыг даргалагч улсын хувьд Монгол улс дэлхий нийтэд манлайлалаа харуулж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэгэхэд “нүүр өгөхөд нь бөгс өгнө” гэгчээр бүтээн байгуулалт гэсэн халхавчаар байгаль экологоо сүйтгэчихсэн, бургасаа хядаж, голынхоо ай сав руу машин техник шахаад оруулчихсан, түүнийг нь тойроод иргэд нь лоозон бариад гудамжиндаа гарчихсан ийм дүр зурагтай дэлхий нийтийн нүд чих Монгол руу чиглэсэн 12 хоногийг бид угтах уу? Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг хонжооноос үүдэлтэй байдаг. Энэ оны 2 сард 1.9 их наядын төсөвтэй байсан “Туулын хурдны зам” төсөл одоо ганцхан сарын дараа 2.3 их наяд болж төсөв нь тэлсэн. Баригдаж дуусталаа хэдэн их наядаар тэлэхийг хэн ч таашгүй. Энэ улайралт эцэстээ мөн л эдийн засгийн ашиг хонжооноос үүдэлтэй гэж хардаж байна. Дэлхий нийт Монгол Улсыг цөлжилтийн эсрэг тэмцэгч, байгаль эхээ хамгаалагч манлайлагч улс гэж итгэж COP17-г зохион байгуулах эрхийг өгсөн. Гэтэл бид зочдоо угтахдаа ундны усны ганц эх үүсвэрээ “боомилж”, голынхоо бургасыг “хядаж” байгаа нь дэлхий нийтийг доромжилсон хэрэг биш гэж үү? Уриа лоозондоо “Эх байгалиа сэргээе” гэж биччихээд, бодит байдал дээр 2.3 их наядын төсвөөр экологийн “ялын тогтоол” үйлддэг байж болохгүй. Туул гол бол хэн нэгний ашиг хонжоо олох талбар биш, Улаанбаатарчуудын оршин тогтнох үндэс юм “Туулын хурдны зам” төслийг мэргэжлийн түвшинд дахин хянаж, зогсоохгүй бол бид "түүхэн боломж"-оо "түүхэн шившиг" болгох аюул ойрхон байна. Хэрэв бид өнөөдөр Туулаа хамгаалж чадахгүй бол маргааш дэлхийн өмнө ичгүүрт орж, ирээдүй хойчийнхоо өмнө нүгэлтэн болох болно. Бид хотынхоо уушгийг өөрсдийн гараар сугалж хаячихаад, газрын доройтол,цэвэр агаар, байгаль орчны тухай дэлхийд ярих нүүртэй гэж үү?
Б.Есүжин
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



